Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

МУБИС

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ


МУБИС

Манай орны Эрдэм оюуны томоохон уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монгол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн нь монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт бодитой хувь нэмэр оруулж, сургалт эрдэм шинжилгээний ажлаараа дотоод, гадаадад нэр хүндтэй сурган хүмүүжүүлэх ухааны төв болсны гэрч юм.


Тус сургууль байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, биеийн тамир, спортын дасгалжуулагч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өнөөдөр нийгмийн хөгжлийн чиг хандлага, захиалга хэрэгцээ, хувь хүний авьяас сонирхол, олон улсын жишигт нийцсэн чадварлаг багш, мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.


Даяаршлын эрин зууны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сонголт үндэсний онцлогтой боловсрол, ялангуяа багш боловсролын онол арга зүйд суурилсан чанартай сургалт, судалгаа явуулах нь манай сургуулийн нэн чухал зорилт юм.


Нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед багш бэлтгэх сургалтын агуулга, аргазүйг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний орчин нөхцөлийг сайжруулах, профессор багш нарын мэргэжлийн ур чадвар, судалгааны чадамжийг дээшлүүлэх, багш ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх эрхэм үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэхээр манай хамт олон идэвх зүтгэлтэй ажиллаж байна.


Сүүлийн жилүүдэд манай хамт олон эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжлийн шинэ орчинд сургуулийнхаа хөгжлийн хэтийн болон ойрын бодлого зорилтыг тодорхойлж, багш боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар багагүй зүйлийг санаачлан хийж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байна. Үүнд, сургалт, судалгааны материаллаг орчин, бүтээлч үйлийн орчин, менежментийн тогтолцоо, хүний хүчин зүйл, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, аргазүй, хэрэглэгдэхүүн зэргийг шинэчлэн сайжруулж, чанартай мэргэжилтэн бэлтгэх үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын жишиг, хөгжлийн хандлагад нийцүүлэн сургалтын цахим орчин бүрдүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, удирдлага мэдээллийн 10 шахам системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Холбоо барих

+976-7777 5115

Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Улс-210648

info@mseu.edu.mn

https://msue.edu.mn/

Фэйсбүүк

Recipes Time ❕ Popular Questions and Answers